|
|
| ДОТООД МЭДЭЭ ...бусад |
| |
Хөнгөлөлттэй зээлийг олгоно /2010-03-02
|
| |
Арилжааны банкуудын олгож буй зээлийн хугацаа богино, хүү өндөр байхаас гадна барьцаа хөрөнгийн шалгуурыг хангах төвөгтэй байдаг тул жижиг, дунд бизнес эрхлэгчид зээлээр санхүүжихэд бэрхшээлтэй учирдаг.
Энэ мэт нөхцөл байдалтай холбогдуулж сүүлийн жилүүдэд Засгийн газрын шийдвэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох болсон. Өнгөрсөн жил 30 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
Тэгвэл энэ онд 37 тэрбумыг зээлэхээр болжээ. Зээлийн хэмжээ долоон тэрбумаар өссөн нь өнгөрсөн жилийн зээлийн хүүг нэмж оруулсантай холбоотой. Нийслэлд таван тэрбум төгрөг, үлдсэнийг нь орон нутагт хуваарилж байгаа аж. Орон нутгийн зээлдэгч хамгийн дээд тал нь 50, нийслэлийнх 100 сая төгрөгийн зээл авах эрхтэй байх юм. Зээлийг "ХААН" "Хас", "Хадгаламж", Төрийн банкаар дамжуулан олгоно.
Өнгөрсөн жил зээлтэй холбоотой олон маргаан, шүүмжлэл гарсан. Тэгвэл энэ бүхнээс сургамж авч зээлийг аль болох хурдан шуурхай олгох, зээлдэгчдэд хүндрэл бага учруулж, зарим зүйлд нь дэмжлэг үзүүлж байх аж. Тухайлбал, өнгөрсөн онд жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл хүссэн материалаа өгөөд 2-3 сарын дараа хариугаа авч байсан. Энэ бүхнээс шалтгаалж улирлын чанартай ажил эрхлэх хүсэлтэй байсан иргэд зээлээ хүлээн хугацаа алдаж байв. Мөн орон нутагт зээлийн төслийн сонгон шалгаруулалтад будлиан орсон гэх яриа ч байсан. Нэг суманд гурван сая төгрөг л хуваарилсан бол нийслэлийн нэгэн компани нэг тэрбум төгрөгийн зээл авч байх жишээтэй. Энэ мэт шударга бус будлиантай хуваарилалт нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн юм. Тэгвэл энэ бүхэнд анхаарч, зээлийг 14 хоногийн дотор шийдэж өгөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, зээл хүсэгч өргөдөл болон бусад материалаа өгснөөс хоёр долоо хоногийн дараа холбогдох хариуг өгнө гэсэн үг. Үүнээс гадна барьцаа хөрөнгийн асуудал байнга яригддаг. Малчид, аймаг, сумын төвийн иргэдийн гол өмч нь хашаа байшин, мал юм.
Үүнийгээ барьцаалаад зээл авъя гэхлээр банкууд хангалтгүй гээд зөвшөөрдөггүй байна. Банкуудын тайлбарлаж буйгаар сумын төв дээрх хашаа байшин үнэд хүрэхгүй, эргээд борлогдохгүй аж. Тэгвэл энэ онд хуулиар зөвшөөрөгдсөн бүх хөрөнгийг барьцаа болгон авах талаар арилжааны банкуудтай тохиролцсон байна. Түүнчлэн, анх удаа бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэргэд эрсдэлийн сан бий болгож 1.5 тэрбум төгрөг байршуулжээ. Зээл авах гэтэл барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа бизнес эрхлэгчийн барьцааны 60 хувийг дээрх сангаас гаргаж өгнө гэсэн үг.
|
|
|