|
|
fada
| ГАДААД МЭДЭЭ ...бусад |
|
Солонгосын хойгийн байдал хурцдаж байна. 2009-04-03
Солонгосын хойгийн байдал юу юугүй хурцдах нь уу гэдэг болгоомжлол дэлхийн санхүү эдийн засгийн хямралтай зэрэгцэн олон улсын хамтын нийгэмлэг, хөрш орнууд, барууныхны сэтгэлийг зовоож байна. Хойд Солонгос ирэх сарын 4-8 ний хооронд хиймэл дагуул бүхий пуужингаа хөөргөхөө зарласан. Хэдийгээр олон улс үүнийг нь эсэргүүцэж байгаа ч Пхеньян энэ төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Гэхдээ энэ нь оноо авах гэсэн ээлжит сүрдүүлэг үү эсвэл үнэхээр Пхеньян амалснаа хийх үү гэдгийг бас шууд баттай хэлчих боломж өнөөдөр алга байна. Ганц баттай гэж хэлэх зүйл нь тус улс өнгөрч буй долоо хоногийн эхээр зэвсэгт хүчнээ байлдааны бүрэн бэлэн байдалд оруулсан явдал юм. Хойд Солонгосчууд үүнийгээ нутаг дэвсгэрт нь тун ойрхон АНУ Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуультай холбоотой гэж тайлбарлаж байна. Хойд Солонгос хөөргөхөөр төлөвлөж байгаа пуужинг нь устгахыг оролдвол үүнийг нь цэргийн түрэмгийлэл гэж үзэж хариу барих болно гэж сүрдүүлж байгаа. Пхеньян олон улсын тэнгисийн байгууллага болоод бусад холбогдох олон улсын байгууллагад пуужин хөөргөх төлөвлөгөөнийхөө талаар урьдчилан мэдэгдсэн байна. Түүнчлэн ОХУ-д холбооны хиймэл дагуул бүхий пуужин хөөргөхөд бэлтгэх сансрын байгууламжуудаа бүртгүүлэхээ ч мэдэгдсэн байна. Пуужин хөөргөх Пхеньяний төлөвлөгөөний хариуг Япон улс эрс шийдэмгий мэдэгдлээрээ барьж байна. Токио пуужин тус арал дээр унах нь гэсэн аюул бага ч гэсэн нүүрлэвэл нэн даруй устгахаа мэдэгдсэн. Гэхдээ нутаг дэвсгэр дээгүүр нь аюулгүйгээр өнгөрвөл оролдохгүй гэдгээ илэрхийлж байгаа. Японы эрх баригчид энэ талын мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх онцгой штабыг ч байгуулжээ. Мөн пуужинг унаж болзошгүй нутаг дэвсгэрүүдийг тодорхойлж онцгой сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг ч анхааруулсан байна. Япон Өмнөд Солонгос АНУ ч хиймэл дагуул бүхий пуужин хөөргөнө гэж Пхеньян мэдэгдэж байгаа нь үнэн хэрэгтээ алсын тусгалтай пуужингийн туршилтаа халхалж далдлах гэсэн санаатай нь холбоотой гэж сэжиглэж байна. Гэхдээ Хойд Солонгос алсын тусгалтай балластик пуужингийн туршилт хийх гэж байна гэсэн баттай нотолгоо байхгүй учир пуужин хөөргөхийг нь хэн ч хориглох боломжгүй байгаа юм. НҮБ-ын тогтоолоор зөвхөн цэргийн зориулалттай пуужин хөөргөж туршихыг хориглосон байдаг. Гэвч хойд Солонгосчууд энхийн зориулалттай байсан ч тойрог замд үнэхээр хиймэл дагуулаа оруулж чадах пуужинтай нь батлагдвал ийм төрлийн пуужин Гавайд ч тусах боломжтой учир Америкчуудын сэтгэлийг зовоож байгаа юм. Үүний зэрэгцээ энэ салбарын шинжээчдийн хувьд пуужин хөөргөх нь гол аюул бус харин хөөргөх пуужин нь станцдаа дэлбэрэх юм уу эсвэл буруу чиглэл рүү хөөрчихвөл жинхэнэ аюул учруулна гэдгийг тооцох хэрэгтэйг сануулж байна. Мөн шууд Хойд Солонгост хиймэл дагуул бүхий пуужин хөөргөх чадал байхгүй хоосон сүрдүүлэг гэж үзэж болохгүй. Тус улсын зүгээс гарч болох цэрэг дайны бодит аюул заналхийллийг тооцох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна . Хойд Солонгос пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаатай холбоотойгоор тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал хойш тавигдаад байна.
|
|
|