|
|
|

|
|
| АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ...бусад |
| |
Тайланд /2009-06-01
|
| |
Аялал, жуулчлалд зориулагдсан улс гэлтэй Тайландын ард түмэн нь зочломтгой, найрсаг учир “Инээмсэглэлийн орон” гэж нэрлэх нь бий. “Санук” буюу өөдрөг амьдарч, баяр хөөрийг бэлэглэ гэсэн утгатай уриатай тэд өөрсдийгөө эрх чөлөөт үндэстэн гэнэ.
Тайландад очвол оршин суугчидтай нь элэгсэг харьцаж, нам дуугаар ярих нь зүйтэй. Биеэрээ шүргэх, гар барих, хөлөө зөрүүлэн суухад тэд дуртай биш.
Газар нутгийн гуравны нэг нь уулархаг. Гурваас тавдугаар сар хүртэл зун, зургаагаас есдүгээр сард борооны, арваас хоёрдугаар сард сэрүүний гэсэн гурван улиралтай. Жуулчлахад арав, дөрөвдүгээр сар хамгийн тохиромжтой. Тэнд жуулчдын аюулгүй байдлыг хамгаалах тусгай цагдаа нар ажилладаг. Орон нутагт холын замд зорчих бол шөнийн галт тэргийг сонгох хэрэгтэй. Удаан явдаг ч гэсэн энэ орны сайхныг үзэх боломж олдоно. Замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүй тул энд автомашин жолоодох нь аюултай.
Эндхийн зах дээрээс чанартай барааг хямд үнээр авах боломжтой. Тайланд торго, хөвөн-цаасан даавуу, үнэт эдлэл, гар урлал, матрын арьсан бүтээгдэхүүнийг нь гадаадынхан сонирхдог.
Дэлхийд алдартай Тайландын гал тогоонд тухайн орны цаг агаар, түүх, соёл болон хөрш орнууд нь нөлөөлжээ. Цаг агаарын таатай нөхцөлтэй тул жилд 2-3 удаа ургац хураана. Бүх төрлийн мах, ногоо хүнсэндээ хэрэглэж, бусдыг дайлах дуртай түмэн.
Үдэшлэг, цэнгээн зохионгоо олон төрлийн хоол бялхсан ширээ засах дуртай. Магадгүй энэ бүгд нь тайланд хэлний үгсийн санд “өлсгөлөн” гэдэг үг байдаггүйн шалтгаан болов уу. Улирлаас шалтгаалж хоолны цэс нь өөрчлөгдөнө. Тайландчуудын гол хүнс нь будаа. “Кхао” буюу будаа нь бараг хоол гэсэн утга илэрхийлнэ. Ногоо, мах зэрэг бусад бүтээгдэхүүнээ тайланд хэлээр “кап кхао” буюу будааны хольц гэнэ. Мөн наргил модны самар нь хоолны гол орц юм.
Олон төрлийн жимс ургадаг тул сонголт хийхээсээ өмнө сайтар судалсан нь дээр. Тэндхийн зах дээр хямд мөртөө амттай гадил жимсээс эхлээд ямар ч амтгүй алим хүртэл бий. Амтгүй алимандаа наймаачид элсэн чихэр дагуулж өгдөг. Ой гутам үнэртэй ч салахын аргагүй амттай дуриан гэх жимсийг хүнсний захаас өөр газар олохгүй.
Учир нь эвгүй үнэрээс нь болоод уг жимсийг олон нийтийн газар авч явах, тээвэрлэхийг хориглодог гэнэ. Удаан өмссөн оймсонд сармис хийгээд үнэртэхэд дуриан жимсний үнэрийг мэдэрнэ хэмээн зарим хүн ярьдаг. Зочид буудал, нисэх онгоцны буудал, дэлгүүрийн үүдэнд “No durians” гэсэн бичиг байдаг нь үүнтэй холбоотой. Гэхдээ энэ жимсний давтагдашгүй амтанд орсон хүн дахиж идэхийн төлөө нүдээ ч ухна. Пхукет арлын дуриан илүү амттай тул Брунейн Султан хүртэл захиалж иддэг.
Тайландад очсон хүн зодооны урлагийн хаан гэгддэг тай боксыг үзэхгүй, тай иллэг хийлгэхгүй буцвал алдас болно. Уламжлалт анагаах ухааны энэ төрлийг Энэтхэгт Шивага Гомарпай үүсгэж, Тайландад бурхны шашинтай хамт МЭӨ III-II зууны үед нэвтэрсэн гэдэг. Тай иллэгтэй холбоотой түүхийн баримт анх XVII зуунд дал модны навчин дээр бичигджээ. Тай иллэгийн арга ухаан ёсоор хүний биед энергийн арван гол цэг, 7200 судал байдаг гэнэ. Энэ судал, цэгүүдэд зөв нөлөөлснөөр од гаригийн эрчим хүчийг хүний биед шингээх үүд нээгддэг гэж үздэг.
Тай иллэг бурхны шашинтай нягт холбоотой байсан учир зөвхөн сүмд эл урлагийг заан сургадаг байжээ. Вьетнамын дайнаас хойш иллэг хийдэг газар тоо томшгүй олноор нээгдсэн ч жинхэнэ мэргэжилтнүүд нь сүмд бясалгалаас өөр зүйл хийдэггүй лам нар юм. Тай-массажистууд ихэвчлэн намхан нуруутай, булиа эмэгтэйчүүд байна. Тэд үйлчлүүлэгчийнхээ дээр дор нь гарч, “шүүсийг нь шахсаны” дараа нисэх мэт мэдрэмж төрөх болно. Нэг удаагийн “чөлөөт нислэг” арван ам.долларын үнэтэй.
Өнөөгийн Тайландын газар нутагт анх 10000 жилийн өмнө хүний хөл хүрсэн гэж үздэг. Энд XII зуунаас Кхмер, Тай, Мон, Малайн эзэнт улс оршин тогтнож байв.
Тайландын вант улсыг Чакрийн эзэнт /1782 оноос хойш / гүрний ес дэх залгамжлагч болох IX Рама хаан Бхумилболи Адулядеж захирна. Шашин төрийг хослон баригч тэрбээр бас зэвсэгт хүчний Ерөнхий командлагч юм. Тогтвортой засаглалтай болоод тэр үү Франц, Британийн гадаад бодлогоос болсон уу, Өрнөдийн колоничлолд мөлжүүлээгүй Зүүн өмнөд Азийн цор ганц улс юм. Гэсэн ч тухайн үед барууны соёл хүчтэй нэвтэрч, нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг алдсан юм.
Дэлхийн II дайны үеэр Японы холбоотон болж, хүйтэн дайнд АНУ-тай мөр зэрэгцэн тулалдаж явсан Тайландад цэргийн эргэлт, хямрал олонтаа гарсан ч 1980 оноос тогтворжсон. 1997 онд Азийн эдийн засгийн хямралд нэрвэгдсэн ч хурдан сэргэсэн. Жилд 6.5 сая тонн цагаан будаа экспортолдог Тайланд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлнэ. Үүнээс гадна хувцас, бөс бараа, загас, үнэт эдлэл, автомашин, компьютер, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэнэ. Газар нутгийн 27 хувь нь тариалангийн талбай тул энэ үзүүлэлтээрээ дэлхийд нэгд орно.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6.7 хувийг аялал жуулчлалаас олдог тус улсыг 2007 онд гадаадын 14 сая иргэн зорьжээ. 2006 оны тооцоогоор хамгийн олон жуулчинтай улсаар Франц тодорсон. Тайланд 18-д орсон аж.
Улсын албан ёсны нэр 1939 он хүртэл Сиам байсан бөгөөд 1949 онд Тайланд гэдэг нэрийг хэвшүүлжээ. Тай гэдэг нь хүн төрөлхтөн, эрх чөлөө гэсэн утгатай.
Цаг агаар, хоол, байгаль, түүх, соёл, тай боксоороо алдартай, жуулчдаар хахсан энэ оронд очсон хэн боловч буцах дургүй болдог. Очоогүй нь ганц удаа ч болов зорихыг мөрөөддөг гэнэ.
Нийслэл- Бангкок
Хүн ам- 63 сая
Угсаатан- тайландчууд 80, хятад 10, малайчууд гурван хувь эзэлнэ.
Засаг захиргаа- 75 муж, 23 хот
Шашин- 95 хувь нь буддын шашинтай. 4.6 хувь нь исламыг шүтдэг.
Албан ёсны хэл- тай
ДНБ- 8000 ам.доллар
Газар нутаг- 513.115 ам.км
Мөнгөний нэгж- бахт
|
|
|
|
|
| Хичээлийн булан
|
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №10
... татах
| |
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №9
... татах
| |
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №8
... татах
| |
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №6
... татах
| |
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №6
... татах
| |
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №5
... татах
| |
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №4
... татах
| |
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №3
... татах
| |
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №2
... татах
| |
|
СОЛОНГОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №1
... татах
| |
|
... дэлгэрэнгүй
|
|
|